Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар +17.0 градус дулаан байсан ба Их Нууруудын Хотгорын нутгаар агаарын дундаж температур +16.2....+20.7 градус, Өндөр уулын сумдын нутгаар +11.0...+16.8 градус, Алтайн өвөр говийн нутгаар +17.6 дулаан байлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5-6 градусаар дулаан байжээ. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө +25...+30 градус, Өндөр уулын сумдаар +20...+28 градус дулаан байсан бол агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө +4...+8 градус дулаан, Өндөр уулын сумдаар -3 градус хүйтнээс +4 градус дулаан байжээ. Зэрэг суманд агаартаа +30 градусыг давж дулаарсан 1 өдөр ажиглагдаж бусад нутгаар +30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +20...+31 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 46...60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -7 грудас хүйтнээс +8 градус дулаан байсан. Хөрсөндөө хамгийн их дулаан нь Мянгад, Булган сумдад +60 градус хүрсэн бол Дуут суманд +46 градус, бусад сумдын нутгаар +52...+59 градус хүрч хэт халжээ. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8...11 өдөр ажиглагдсан. Хөрсөндөө хамгийн хүйтэн нь Дуут суманд шөнөдөө -7 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 31.2 мм бороо орлоо. Энэ 10 хоногт орсон тунадасны хэмжээ ноднингийн мөн үеэс даруй 100-120 мм-ээр бага байлаа. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Булган суманд 5.7мм, Мөст суманд 4.8мм, Үенч суманд 4.6 мм, Алтай суманд 4.5 мм, Ховд суманд 3.7 мм, Жаргалант суманд 2.6 мм, Цэцэг суманд 2.4 мм, Дуут суманд 1.9 мм, Мөнххайрхан суманд 0.6 мм, Манхан суманд 0.3 мм, Дөргөн 0.1 мм, Чандмань, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн сумдад тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Мөст, Мөнххайрхан суманд 22м/с, Зэрэг суманд 21м/с, Ховд, Жаргалант, Чандмань сумдад 20м/с, Эрдэнэбүрэн, Дөргөн, Манхан, Дуут, Цэцэг, Булган сумдад 17-19м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан ба Дарви, Үенч, Алтай сумдад 10-12 м/с хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):
Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн, зарим сумдад сайрын хялгана, монгол сонгино залаалалтын үе шатандаа явж байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал Чандмань сумын нутгаар “муу” үнэлгээтэй, бусад сумдын нутгаар “дунд” үнэлгээтэй, Булган сумын нутгаар “сайн” үнэлгээтэй, ургамлын өндөр 6 см байна. Чандмань, Мөст, Дарви суманд ургамлын өндөр ургац бодох хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар ургац 0.0...0.3ц/га байна. Нийт нутгаар халуун хуурай салхитай, хөсөн дээрээ +40 градусаас дээш олон өдөр үргэлжилсэн, заримдаа уулархаг нутгаар агаар хөрсөндөө хасах температуртай хонож байгаагаас ургамлын ургалт удаашралтай төлөөлөх ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдаж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, малд тарилга туулга хийх, зарим сумдад мал хөнгөлөх сүү сааль бэлдэх, ямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байна. Нийт нутгаар ургамлын ургалт дунд зэрэг зарим газраа муу байна. Нийт нутгаар малын хорогдол байхгүй.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгийг хамарч 31.2 мм хур тунадас орлоо.
- Агаарт +30 градусыг давж Зэрэг суманд 1 өдөр халсан.
- Хөрсний гадарга дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-11 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 10-22 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим сумдад сайрын хялгана, монгол сонгино залаалалтын үе шатандаа явж байна
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа,
- Ц.Нямбаяр
- 2024 оны 6 дугаар сарын 3-нд